Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
1.1. Хууль, эрх зүйн үндэслэл
Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.39-д “Монгол контент бүтээгчдийг дэмжих бодлого баримтална” гэж заасан.
1.2. Практик шаардлага
1.Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна.
2.Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн болно. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна.
3.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиудаар оюуны өмчид халдсан, оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага, түүнтэй холбогдох бусад харилцааг тодорхой хэмжээнд зохицуулсан боловч оюуны өмчийн зөрчилтэй холбогдох хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгох, зохиогч, бүтээл туурвигчийн шинэ санаачилга, бүтээлч эрэлхийллийг бий болгох, цаашид оюуны өмчийн зөрчлийг бууруулах замаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг шударга өрсөлдөөнөөр хангаж, эрх, үүргийг тодорхой болгох, оюуны өмч зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд авах арга хэмжээг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.
4.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хоорондын, түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч ба хэрэглэгч хоорондын гомдол, маргааныг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас иргэд, байгууллагууд хохирсоор байна. Иймээс үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хэрэгцээ байна.
5.Өргөн нэвтрүүлгийн салбарт дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад нийцсэн, дотоодын зах зээлд тохирсон, үр дүнтэй өргөн нэвтрүүлгийн сүлжээний техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн орчныг дэмжих тогтолцоог бий болгоход анхаарах шаардлага байна.
6.Нийгмийн оюун санааг цочирдуулсан болон бага, өсвөр насны хүүхдийн оюун санаа, хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн нэвтрүүлэг, кино, зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа өргөн нэвтрүүлгийн сувгаар дамжуулахыг цаашид хязгаарлаж, өргөн нэвтрүүлгийн агуулгад тавигдах шаардлага, стандартын хэм хэмжээг тодорхойлох шаардлагатай байна.
7.Стандартын шаардлага хангасан, чанартай сайн нэвтрүүлэг хийж, нийтэд хүртээмжтэй хүргэх, хөтөлбөрийн агуулгыг хууль тогтоомжийн дагуу үзэгч, олон нийтэд хүргэх, өргөн нэвтрүүлгийн салбарт үр ашигтай өрсөлдөөний зохистой орчныг бүрдүүлэх талаар хууль, эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай байна.
8.Иргэд, олон нийт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан мэдээллийг нээлттэй, олон эх сурвалжаас хүлээн авах боломжтой болсон боловч үндэсний уламжлал, ёс заншлыг хадгалсан, монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлүүдийн нийт хөтөлбөрт эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд, залуучуудын төлөвшил, хүмүүжил, монголын соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад хангалтгүй байна.
9.Телевиз, радиогоор дамжуулж байгаа нэвтрүүлэг, уран бүтээл, мэдээ, мэдээлэл нь тэнцвэртэй байж, мэдээлэл авах эрх, хүнлэг, энэрэнгүй, ардчилсан ёсыг түгээн дэлгэрүүлэх, ардын уламжлал, соёл, зан заншлыг дэмжин хөгжүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, уран сайхны таашаал олгоход чиглэсэн байх шаардлагатай боловч үүнд тавих олон нийтийн оролцоо, хяналт хангалтгүй байна.
10.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл, тэдгээрийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр ил тод бус, эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой хуульчлаагүй байгаа нь эзэмшлийн хэт төвлөрөл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.
11.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан телевизийн газрын сүлжээ болох тоон телевизийн үндэсний дамжуулах сүлжээг ашиглан орон даяар нэвтрүүлэх өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгийн зохистой тоог тогтоож, тэдгээр телевизүүдэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хуульчлах нь зүйтэй байна.
12.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй хүргэх шаардлагатай боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төдийлөн тэгш хүртээмжтэй хүрч чадахгүй байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төсөлд зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгана. Үүнд:
Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг тусгана.
Хоёрдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг тусгана. Хуулийн төсөл өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгана.
Гуравдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох зохицуулалтын тусгана.
Дөрөвдүгээр бүлэгт өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны талаархи онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, зэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг тусгана.
Тавдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлэгчид тавигдах шаардлага, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг талаар тусгана.
Зургаадугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг тусгана.
Долоодугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагуудын эрх, үүрэг нарийвчлан зааж өгнө.
Наймдугаар бүлэгт Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаанд тавигдах хяналт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаархи зохицуулалтыг тусгана.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гарах нийгэм, эдийн засгийн үр дагаврыг дараах байдлаар төсөөлж байна:
1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчин бүрдэнэ;
2.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ;
3.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага тодорхой болно. Тухайлбал:
- Үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх;
- Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах;
- Гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх;
- Хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох;
- Нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангасан байх;
- Хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;
- Дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь монгол улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тодорхой тусгасан болно;
4.радио, телевизийн зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно;
5.сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна.
6.өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлнэ;
7.өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно.
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжтой нийцнэ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулна.
1 thought on “Үзэл баримтлал”
Comments are closed.